Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны 2023-2028 оны хөгжлийн хөтөлбөр, зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Далайчдын ҮЭ-ийн холбооны Park, Seong-Yong ерөнхийлөгчийн урилгаар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан, тэргүүлэгч гишүүн Х.Гансүх, Б.Энхжаргал болон албаны бусад төлөөлөгчид 10 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Хоёр байгууллагын хувьд Олон улсын тээврийн ажилчдын холбоонд /ITF/ гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд БНСУ-ын Далайчдын ҮЭ-ийн холбоо нь 1946 онд байгуулагдсан, 56 анхан шатны ҮЭ-ийн хороотой, 43,528 гишүүнтэй тус улсын ууган ҮЭ-ийн холбоодын нэг юм. Талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын тээврийн ҮЭ-ийн байгууллагын соёл, боловсролын харилцаа, байгууллагын түүх, бүтэц зохион байгуулалт, гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцож цаашид харилцаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэх, Олон улсад дуу хоолойгоо нэгтгэх, харилцан туршлага солилцох, ҮЭ-ийн гишүүд, сонгуультнуудыг чадавхжуулах зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

Айлчлалын үеэр Бусан дахь далайчдын дурсгалын цогцолборт зочлон, үйлдвэрлэлийн осолд өртөгсдийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, БНСУ-ын Далайн болон загас агнуурын технологийн хүрээлэнд /KIMFT/ зочилж тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тус хүрээлэн нь Монгол улсын Далайн захиргаатай хамтын ажиллагаатай бөгөөд санамж бичгийн хүрээнд 10 далайчныг хамтран бэлтгэсэн байна. Холбооны зүгээс далайн салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд тус хүрээлэнтэй хамтран ажиллахыг сонирхож буй иргэн, хуулийн этгээдийг холбож өгөхдөө бид баяртай байх болно.


Уулзалтын төгсгөлд салбарын холбооны дарга М.Болдсайханы зүгээс БНСУ-ын Далайчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Park, Seong-Yong болон албаны бусад хүмүүсийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Талууд 2005 онд харилцан айлчлал хийж, хамтран ажиллаж байсан харилцаагаа эргэн сэргээж байгаа явдалд энэ удаагийн айлчлалын ач холбогдол оршиж байгаа бөгөөд хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд тус улсын далайн тээвэр, загас агнуурын салбарт албан болон албан бусаар хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааны эрх ашгийг төлөөлөн хамгаалах боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна.


